Зүрхний шигдээс өвчин хэрхэн үүсдэг вэ?

Dorjbat Janchivmaa
2 min readDec 14, 2020

--

Хүний зүрх зангидсан гарын хэмжээтэй боловч биеийн хамгийн хүчтэй булчин юм. Зүрх нь цусаар дамжуулж хүчилтөрөгч, шим тэжээлийн бодисыг биеийн бүх хэсэгт шахдаг. Хэвийн үед хүний зүрх минутад 70 орчим удаа цохилдог бол сэтгэл хөдлөсөн үед минутад цохилох цохилт нь нэмэгддэг.

Зүрх нь хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодисыг титэм артери гэж нэрлэгддэг судсуудаар дамжуулан авдаг. Эдгээр судсуудад өөх тос, холестерол, бусад бодисын хуримтлалаас үүдэлтэйгээр товруу үүсч цус урсах замыг нарийсгаж, урсгалыг удаашруулснаар зүрхэнд хүчилтөрөгч, шим тэжээлийн бодис дутагдаж урт хугацааны эмгэгүүд үүсч болно.

Зүрхний шигдээс нь дээрх шалтгааны улмаас титэм артери гэнэт бөглөрч, зүрхний эд, эс хүчилтөрөгч болон шим тэжээлийн дутагдалд орж үхжихийг хэлнэ.

Зүрхний шигдээсээр өвчилсөн хүмүүсийн гуравны хоёр нь эмнэлэгийн тусламж авахаас өмнө нас бардаг.

Зүрхний шигдээс нь дэлхийн хүн амын нас баралтын томоохон шалтгаануудын нэг бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Судалгаанаас харахад зүрхний шигдээс өвчин хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлийн шалтгаантайгаар үүсдэг.
Амьдралын буруу хэвшлээс. Үүнд:
- Тамхидалт
- Буруу хооллолт
- Хөдөлгөөний дутагдал

Үүнээс үүдэлтэйгээр:
- Цусны даралт ихсэх (гипертензи)
- Цусан дахь сахарын хэмжээ ихсэх (чихрийн шижин)
- Цусан дахь өөх тос ихсэх (гиперлипидеми) зэрэг асуудлууд бие махбодид учирдаг.
Эдгээр нь зүрхний шигдээс үүсэх хамгийн гол эрсдэлт хүчин зүйлүүд юм.

Илрэх шинж тэмдэг
Зүрхний шигдээс нь ихэнх тохиолдолд гэнэт, хүчтэй илэрдэг бөгөөд зарим тохиолдолд аажмаар, бага зэргийн өвдөлттэй, таагүй мэдрэмжээр эхэлдэг. Хүмүүс юунаас болж ийм шинж илэрч байгааг мэддэггүй тул яаралтай тусламж авалгүйгээр хүлээдэг нь үхэлд хүргэх бас нэгэн шалтгаан юм.

Та өөрийнхөө төлөө багахан цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулснаар өөрийгөө зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Эх сурвалж: World Health Organization 2005 #who #heartattack #the_scientist_said

--

--

No responses yet