Эмийн ургамал - Эмчилгээний идэвхт нэгдэл

Dorjbat Janchivmaa
3 min readJan 2, 2021

--

Эрт дээр үеэс амьтан, ургамал, эрдсийн гаралтай байгалийн нэгдэл нь уламжлалт анагаах ухааны үндсэн тулгуур, түүх соёлын хэсэг болж ирсэн түүхтэй.

Эмийн ургамлыг эмчилгээний зорилгоор олон арга замаар хэрэглэдэг. Үүний нэг жишээ бол ургамлан цай буюу ахуйн нөхцөлд бэлтгэсэн “ургамлан эм” юм. Түүнчлэн ургамлыг хандмал, идээшмэл,
чанамал, шингэн, өтгөн, хуурай ханд, нунтаг, үрэл, зэхмэл, тосон түрхлэг байдлаар хэрэглэдэг уламжлалтай.

Ийм фито бэлдмэлийг хэрэглэх хандлага өсөж байгаа нь түүнд агуулагдах олон бодис нь амьд бие махбодын эс, молекулын түвшинд бие биенээ дэмжих эсвэл үгүйсгэх үйлдлийг нэгэн зэрэг үзүүлдэг тул эмчилгээний идэвхтэй, мөн хорон чанар багатай, нийцэл сайтай, аюулгүй, үр дүнтэй гэж үздэг.

Түүнчлэн ургамлын гаралтай эмийн бэлдмэл нь эмчилгээний хувьд үндсэн өвчний дахилтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх, бие махбодыг нөхөн сэргээх, тамиржуулах, цаг улирлын хүчин зүйлээс өвчин сэдрэхийг багасгахад үлэмж нөлөөтэй байдаг.

Хүний бие махбодод орсон эмчилгээний үйлдэлтэй дан бодис нь уураг, нуклейн хүчил зэрэг биологийн том молекултай
харилцан үйлчлэлцдэг гэдэг таамаглал нь
“амьдралын хүч” гэсэн шид домтой харьцуулахад ханд дахь эмчилгээний үйлдэлтэй цэвэр бодис нь биологийн идэвх үзүүлдэг юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэжээ.

Энэ нь фармакологийн судалгаанд шинэ эрин үеийн эхлэл болсон буюу хандны оронд түүнээс ялгасан цэвэр бодис нь аливаа өвчнийг эмчлэхэд чухал ач холбогдолтой болохыг харуулсан юм.

Ургамлын гаралтай эмчилгээний идэвхтэй нэгдлүүдийн судалгаа:

Ургамал бол эмчилгээний идэвхтэй бодисын үнэт эх булаг юм.

Анх 200 гаруй жилийн өмнө Германы эм зүйч Фридрих Сертюрнер Нойрсуулагч намуу (Papaver somniferum L.) ургамлын жимсний сүүн шингэнээс өвдөлт намдаах, нойрсуулах үйлдэлтэй бодисыг ялган морфин гэж нэрлэснээр ургамлаас бага молекулт метаболитыг ялгах, судлах ажил эхэлсэн юм. Тэрээр морфиныг хэрхэн ялгах, талстжуулах, талстын бүтэц, фармакологийн идэвхийг нохой болон өөр дээрээ туршин шинж чанарыг нь тогтоосон талаар эрдэм шинжилгээний бүрэн хэмжээний өгүүлэл хэвлүүлжээ.

Энэ үеэс органик хими нь шинжлэх ухааны нэг салбар болох эхлэл тавигдсан юм.

Улмаар 19-р зуунд олон ургамлаас биологийн идэвхт олон бодисыг ялгах, бүтэц байгууламж болон фармакологийн
идэвхийг судлан тогтоох ажил хийгджээ.

Үүнд:
Хинийн мод (Chinchona officinalis L.)-ны холтосноос халуун хумхааг анагаах үйлдэлтэй хинин,

Хятад цай (Camellia sinensis L. Kuntze)-ны ургамлаас төв мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлэх үйлдэлтэй каффеин,

Тамхины (Nicotiana tabacum L.) ургамлаас
n-холиномиметик үйлдэлтэй никотин,

Нойрсуулагч намуу (Papaver somniferum L.)-с өвдөлт намдаах, ханиалга дарах үйлдэлтэй кодеин,

Эгэл гоо хатан (Atropa belladonna L.) ургамлаас n-холиноблокатор
үйлдэлтэй атропин,

Колхид цэцэг (Colchicum
autumnale L.)-с хорт хавдар болон тулай өвчнийг анагаах үйлдэлтэй колхицин,

Erythroxylum coca Lamk. ургамлаас төв мэдрэлийн тогтолцоог сэргээх
үйлдэлтэй кокаин,

Халуун чинжүүний (Capsicum
аnnuum) төрлийн ургамлаас ходоодны шүүс ялгарлыг нэмэгдүүлэх үйлдэлтэй капсаицин зэрэг алкалоидыг ялгажээ.

Одоогийн байдлаар ургамлаас 200000 гаруй хоёрдогч метаболитыг ялгаснаас 122 нь эм бэлдмэл болж зах зээлд нийлүүлэгдэж, эрэлт хэрэгцээтэй эмийн жагсаалтанд байна.

Эх сурвалж: Г.Одонтуяа
Шинжлэх ухааны академи, Хими, химийн технологийн хүрээлэн

--

--